Ж.Лхагвын "Эвэр" өгүүллэг дэх хүншүүлэл

Өгүүллэгт хүний амьдралын нэгэн насны ухаарал, гэмшил, тэмцлийг янгирын бор ишгээр төлөөлүүлэн үзүүлжээ. Янгирын сүрэг байрлал солих болж хавцлын ирмэг нарийн жимээр бэдэрч буй нь өсвөр насны шилжилтийн үеийг харуулж, эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн энхрийлэн хайрлаж хавцлын ирмэг талаас түшиж яваа нь хүнд хэцүү бүх цагт хамгаалж байдаг эхийн сэтгэлийг үйл хөдлөлөөр тодотгосон илэрхийлэл аж. 

Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдаж явсан залуу янгирын цус дээшээ огшин эврийн үзүүрт халуу оргин хадан хана руу хадарч орхивол яс тугалмай янгинан уурандаа эргэж эхийн бөөр лүү сэжсэн энэ хэсэгт залуу насны эхэн үеийн ааг омгоо дарж ядан, уурын мунхагтаа дийлдэн ойворгон загнаж, уг үндсээ гишгэлсэн хүний үнэргүй чанарыг шүүмжилжээ. Санаандгүй явсан эх янгир ганц тэрсхийгээд хавцлын харанхуй руу пижигнэн одоход залуу янгир айсан ч үгүй, ичсэн ч үгүй, гэмшсэн ч үгүй гагцхүү яах гэж тэр хөгшин зөнөг цувж явалгүй зэрэгцэн чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай чөлөөтэй болсонд баярлаж буй нь сэхээрч ухаарахааргүй бүдүүлэг дадал сууж, ухамсарт нь зөвхөн тэргүүлэгч болох хүсэл зорилго нуугдсан эрх мэдэлд шунагч, өрөвдөх сэтгэлгүй өөнтөгч сэтгэлтнийг жигшсэн зэвүүцлээ энгийн үг хэллэгт уусган шингээсний илрэл юм. Эхээ ольсон эврийн үзүүрт арьс үс шалбарч, дусал цус наалдаад байвч залуу янгирт анхаарч мэдэх зав байсангүй нь сэтгэлийн хөөрөл, омог бардамнал, их зан, атаач байдал зэрэг нь хүнийг харалган болгодгийн тод жишээ болж байна. Хожим нь тэр талын эвэр арай дотогшоо дугуйраад байгаа нь ажиглагдан, хэдхэн сарын дотор араасаа хонхойлгон дарж өвтгөх болсон, тэгснээ арьс нь цоороод цус шүүс гоожиж ялаа батгана салахаа больсон зэрэг нь  зохиолчийн богино өгүүллэгээрээ илэрхийлэх гэсэн бичил санаа бөгөөд үйлийн үрийн гүн ухааны хэлтэрхийг шигтгэсний ор мөр юм. 

Залуу янгир дэндүү хурдан ургаж байгаа эвэр хайр найргүй довтолгох цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдавч эвэр хэдийнээ маханд шигдэн орсон энэ хэсэгт өгүүллэг дэх цаг хугацааны өгүүлэмжийг харгуулан тавьж, ёгтлол хэлбэрээр шоглон егөөдлийн өнгө аяс оруулан найруулжээ. Эвэр ургасаар ясаа цоолов. Тэсгэлгүй өвдөхийн манан дотор "яагаад" гэсэн асуултын хариу төөрсөн янзага шиг сүүтийвч бие нь үл баригдах өгүүлэмжээр ид залуу насандаа амьдралыг эргэцүүлэн бодож, ухаалгаар жолоодох эрдэм мэдлэгээр гачигдсаны шинжийг тусган харуулжээ. Эвэр тархиндаа тулжээ. Тархины бор хальс цоорох хоромд л "Миний эвэр буруу ургажээ" гэсэн там тумхан ухаарал янгирын толгойд нэг орж ирээд үүрд замхарсан нь шувуу суунгуут үргэн нисэхийн адил гэж өгүүллэг төгсдөг.  Төгсгөл хэсэгтээ гол санаагаа зангидан ёгт утгаар адилтгаж үзүүлсэн нь зохиолчийн хэл найруулгын чадамгайг батлан харуулж байна. Энэ өгүүллэгт өөрийн хүсэл зорилгодоо хэтэрхий эрдэн шунаснаар харалган болж, үнэт зүйлсээ нандигнаж чадалгүй өөрөө ч үл анзааран бүгдийг алдаж буйгаар хүний дорой байдлыг гаргаж, хүн байх шалтгааныг эрэлхийлэх боломж олгодгоороо ач холбогдолтой.

М.Билгүүнчимэг 2021/03/20


Comments