Номын сэтгэгдэл - Г. Аюурзана "Цагаан, хар, улаан" роман

      Г. Аюурзана "Цагаан, хар, улаан" романыг уншаад төрсөн сэтгэгдэл минь нэг л эвгүй мэдрэмжээр сүлэлдэн байна. Дурлан уншсан зохиол минь хүний амьдралын эрээн бараант болоод гэгээн тунгалаг, мөн харуусал гунигт сэтгэлийг тунаруулан дүрсэлжээ. Миний бие зохиолын гол дүр Рэнцэнраад туульст татагдан, туульд хайлан өгүүлж буй орныг оршин буй гэдэгт гүнээ итгэн, бахдал бишрэлтэйгээр хандан байгаад нь хэдий талархавч, мөн харамсан халаглаж, гэр бүл салалтанд нь болоод үзэмж харж дуралж хайрласанд нь эмзэглэж, дотоод орчил ахуйг нь ойлгохыг хичээн байна. Магад зохиолчийн өвөрмөц бичиглэл, өвөрмөц сэтгэхүйн гол бүтээгч чанар нь уншигч хүмүүний бодол сэтгэлийг үерлүүлэн дэнслүүлэхэд оршдог байж мэдэх. "Хаа нэгтэйгээс шувуудын биегүй дуу..." сонстон, өв уламжлалаа мартаж гээсэн өнөөгийн соёлт хүмүүн төрөлхтнийг ёжлон инээж буй мэт... 
        Элэг бүтэн амьдралыг эмтлэн, энгэр газар дурлан шунаглагчийн дотоод ертөнц хийгээд дориун амьдарч буйдаа эрдсэн хэдий ч эцэстээ дорд сэтгэлгээтэйгээ мэдэрч мохсон тэр эрийн ээдрээт ч гэмээр эгзэгтэй ч гэмээр, эргүүлэгт амьдралыг тольдсон эрээн бараан зохиол байлаа. Эрээн бараан гэдэг нь "Цагаан, хар, улаан" гэж нэрлэсэнтэйгээ дүйж, хүний амьдралын мөчлөгт үеүдийг харуулсан, жаргал зовлон, шаналал, гуниг хагацлыг төлөөлүүлсэн нэршил бүхий зохиол мэт санагдав. 

         Романаас өөрийн санал нийлэн буй бяцхан хэсэглэлийг аван, та бүхэнтэйгээ хуваалцвал: 167-р талд "Урлаг гэдэг бол яг л Жангар шиг төгсгөлгүй, эцэс үзүүргүй, суралцаж баршгүй, бүтээж гүйцэшгүй юм..." гэж бичжээ. Миний л бодлоор бидний оршин буй энэ ертөнцийн бүх зүйлс, бүхлээс тусгай, цулаас салангид аху ухагдахуунууд цөм төгсгөлгүй, эцэс үзүүргүй, суралцаж баршгүй, бүтээж гүйцэшгүй юм. Мөн 167-р талд "...туульс дутуу хагас мэддэг хүн дундуур хэлээд эс баран орхивол, чөтгөр шулам гүйцээж хэлээд, улмаар эрэмшиж чиний араас мөшгинө өө..." хэмээн тууль хайлах уламжлалт заншлыг дурдаад, үүнийгээ "Урлагийг зориудаар мушгиж, бусдыг шагшуулан алмайруулах ганцхан зорилгын амтанд мансуураад мөн чанарыг нь дутуу сэрсэн бол, золиос нь чиний үзэгчид биш чи өөрөө л болно" хэмээн одоогийн нэр хүнд, өнгө мөнгөний төлөө дулдуйдагч эрхмүүдтэй зүйрлэн бичсэн нь дүрийн үгээр зохиолч өөрийн санааг илэрхийлж буй романы гаргалгаа дүгнэлт бүхий гол хэсгүүдийн нэг болов уу? хэмээн би ухварласан билээ. Ном уншаад төрсөн сэтгэгдлийг минь анхаарал тавин уншсанд талархлаа. 
             Та бүхний эрдэм номын үйлс арвин байг.

     Хүндэтгэсэн М.Билгүүнчимэг

Comments