Сантьяго хэмээх баатрын амьдралаар өдөржингөө амьдрав.
Тэгээд хүн өөрийн хүсэж мөрөөдөж буй зүйлээ биелүүлэхийн төлөө зоригтойгоор тэмцвэл, өөрийн хүсэл мөрөөдлөө зорилгоо болгож, ямар ч саад тотгор тохиолдсон түүнийг даван туулж, шантралгүй зүтгэж хөдөлмөрлөж чадвал санасандаа хүрч болдог, мөрөөдөл биелэдэг юм гэдгийг ойлголоо. Мөрөөдлөө биелүүлэхэд тэвчээр, эр зориг хэрэгтэй. Сайн хамтрагчид, сахиусан тэнгэр шиг гэнэт гарч ирж, амьдралыг сайхан болгодог, тамын элч шиг гэнэт гарч ирж амьдралыг там болгон хувиргадаг тэд ч мөн бидэнд хэрэгтэй. Учир нь хүн амьдарч буй хором бүхнээсээ шинэ зүйлийг олж нээж, туршлага болгон хуримтлуулж байдаг. Үүнийг зохиолоос эш татан үзвэл, Сантьяго "Би хонь хариулж, болор зарж байхдаа аль алинаас нь их зүйл сурсан, одоо надад элсэн цөл юм заана. Энэ элсэн цөл өөрөө тэр чигээрээ эрт дээр үеийнх төдийгүй, миний үзэж харсан бүхнээс хамгийн мэргэн нь юм даа" гэж тэр бодов. /67-р тал/ Энд би амьдралын хором мөч бүрээс туршлага хуримтлуулах талаар бичиж буй тул аавынхаа ярьсан дурсамжаас бичихээр шийдэв. Эдрэнгийн говьд 7 хоног идэх хүнсгүй, унах унаагүй, уух усгүй байхдаа тэвчээр, туршлага юу эсийг хуримтлуулсан байх вэ. Говь цөлд усгүй, унаагүй, хүнсгүй гацсан бол хажуу тийшээ харж хөдөлгөөнгүй хэвтээд, ярихаа цөөлөх нь тун сайн шийдвэр. Гэвч бидний шинэ гэж бодсон зүйлс далд ухамсарт минь он удаан жил нуугдан дарагдаж, аль хэдийнээ мартсан зүйлс байх нь элбэг. Гэлээ ч бид мэдэхгүй.
Энэ зохиолыг уншаад Шинэ гэрээ, Хуучин гэрээг уншмаар бодогдов. Уншъя гэж олон удаа бодсон ч бодлоо бодит болгож чадаагүй би дотны минь багш болох, МУИС-ийн Нутгийн аялгууны Га багшийнхаа үгийг дахин тунгаав. Багш минь "Судлаач хүн Шинэ гэрээ, Хуучин гэрээ-г ч орхилгүй заавал уншсан байх ёстой. Судлаач хүнд шашин болгон тэгш эрхтэй..." гэж хэлсэн нь тодхон санагдаж байна. Би монгол судлаач болоход балчирдана. Гэвч одоо л өөрийн мөрөөдлийн төлөө зориг шулуудан орж, Монгол судлал хэмээх их далайд өөрийн өмчийн завийг хөллөн явах болно. Энэ зохиол надад мөрөөдлийнхөө зүг нисэх далавч ургуулан байна. Зохиолч Пауло Коэльо танаа талархъя. Гэвч Хүн ямар нэгэн юм хийхээр санаа шулуудан сонголтоо хийнэ гэдэг нь ширүүн урсгалд ороод, очно гэж огт бодоогүй газраа хүрчихтэй адил юм. /63-р тал/ Тиймээс зохиолд гарсанчлан үүр цайхын өмнө л хамгийн харанхуй ноёлдог гэдгийг ой тойндоо ортол чээжлэн, бэрхшээл бүрт сэтгэл санаагаа бэлдэх нь зүй.
Ер нь уг номын эхнээс эцэс хүртэл уншихдаа би МУИС-ийнхаа багш нарын лекц, хэлсэн ярьсан үгс, судалгаа шинжилгээнийх нь талаар бодож, сэргээн санаж байв. Зохиолд "Хорвоогийн бүх юм нэгдмэл нэг бүхэл юм" /48-р тал/ хэмээн бичсэн байх агаад би Их сургуулийн сэтгэл судлалын хичээлээ мөн л санан үзвээс, үүнийг Буддын гүн ухаанаар "Хоосон чанар", Платон "Эйдос", Гегель "Туйлын санаа буюу гурвалж", Маркс "Матери"-ийн тухай ойлголт хэмээж, тус тусын үзэл баримтлалаар тайлбарласан байна. Харин Аллахын зүгээс "Мактуб" бололтой. Тэр нэгдмэл зүйлийн хамгийн гол ойлголт нь Замбуулингийн Сүнс хэмээн уг зохиолд гарч буй Бүх нийтийн хэл юм байна. Энэ нь ерөөс Дохионы хэл гэсэн утгатай. Үүнтэй МУИС-ийн Хэл шинжлэлийн тэнхимийн Ууганбаяр багшийн минь семинарт өгсөн сэдэв болох Их эрдэмтэн Шадавын Лувсанвандан авгайн бичсэн Нагаржунайн 8 үгүйсгэл тун төстэй мэт санагдав. Хэл бол эвдрэх бүтэх хоёр, салах нийлэх хоёр ... эсрэг тэсрэг хоёр талын нэгдэл юм. Ерөөс энэ ертөнц аливаа зүйлийн нэгдмэл хэлбэр бөгөөд, нэгдэл байж гэмээнэ, түүнийг үүсгэх олон хүчин зүйл буюу салангид хэсгүүд ч мөн байна гэсэн үг юм.
Нэгдмэл ухагдахууны гол ойлголт болох Бүх нийтийн хэлний хамгийн чухал зүйлийг би зохиолоос эш татан тайлбарлавал, Сантьяго дэлхий дахины хүмүүсийн зүрхээр дамждаг хэлний хамгийн чухал бөгөөд хамгийн ярвигтай хэсгийг агшин зуур ухаарав. Түүнийг Хайр дурлал гэдэг бөгөөд тэр нь хүн төрөлхтнөөс ч, энэ элсэн цөлөөс ч хамаагүй илүү эртний зүйл аж. Тэр нь гагц өөрийн дураар, эрэгтэй эмэгтэй хоёр хүний харц тулгарахад сая илэрдэг билээ. /81-р тал/ Гэвч Бүх нийтийн хэлний хамгийн чухал хэл болох Хайр дурлалын хэлийг, жинхэнэ эсэхийг нь ялгах дохио тэмдгийг хүмүүс өнөө үед огт мэдрэхээ байжээ. Дохио тэмдэг гэдэг нь нэг ёсондоо байгальтайгаа ойр байх гэсэн утга юм уу даа. Гэтэл одоо, байгаль гэхээсээ илүү, техник технологитой ижилдэн дасч, дохио тэмдгийг мэдрэхээ байснаас, амьд байгалиасаа хөндийрч эхлээд дундаа явж байна.
Зохиолд мөн байгаль хүн хоёрын хүйн холбоог "Чи аливаа зүйлийг хүсэх юм бол түүндээ хүрэхэд чинь Орчлонт ертөнц тэр чигээрээ туслана" /59-р тал/ гэж дүрсэлжээ. Далд ухамсартай холбогдох Нууцын хуулийг хүртэл энэ зохиолд гаргасан байна. Тэр нь Монголчуудын хэлдэг "Амны бэлгээс ашдын бэлгэ" шүү дээ.
Зохиолд олон гарч буй сонирхол татам нэртэй "Замбуулингийн Сүнс"-ний талаар энд бичье. ... Дэлхийг энэ л хөдөлгөж байдаг юм шүү дээ. Алхимид үүнийг Замбуулингийн Сүнс гэж нэрлэдэг юм. Аливаа юмыг бүх сэтгэлээсээ хүсэх юм бол Замбуулингийн Сүнс хамсдаг юм. Түүнд асар их хүч хуримтлагдсан байдаг. Сүнс зөвхөн хүмүүнд байдаг юм биш. Чулуу, ургамал, амьтан, бодол санаанд хүртэл сүнс бий... /71-р тал/ МУИС, СУИС-ийн хүндэт профессор, Утга зохиол судлалын Ду багшийн минь чихэнд хоногштол хэлсэн "Бут болгон эзэнтэй" гэдэг үг л зохиолын яг дээрх хэсгийг уншиж байхад санаанд орж байлаа. Монголчуудын хэлэлцдэгээр лус, навдаг, савдаг нь уг зохиолд Замбуулингийн Сүнс буюу Бүх нийтийн хэлээр илрэн гарч байна. Тэгэхээр лус, савдаг нь хүмүүн бидэнд дохио өгдөг, байгаль хүн хоёрыг холбодог гол хэлмэрч байжээ. Өнгөрсөн цаг дээр бичсэний учир нь бид дохио тэмдгийг анзаарахаа больсноор, байгаль дэлхийгээсээ хөндийрсөөр, хэлгүй, харалган, соноргүй болон хувирчээ. Зохиолоос нэгэн жишээг дурдвал, ... Цуваа элсэн цөлтэй нэг хэлээр ярьдаг болохоор элс түүний замд саад учруулдаггүй юм билээ. Элсэн цөл жингийн алхам бүрийг шалгаж сориод өөртэй нь хөг нийлж байгааг итгэсэн тохиолдолд л түүнийг баянбүрд рүү орохыг зөвшөөрдөг. Харин хэчнээн ч эрэлхэг зоригтой байгаад энэ хэлийг эзэмшээгүй бол аян замынхаа эхний өдөр л амиа алдана. /71-р тал/
Тиймээс хүн төрөлхтөн бид байгальтайгаа зүй бусаар харьцсаар байвал мөд ...
Хүндэтгэсэн М.Билгүүнчимэг
Comments
Post a Comment