Л.Дашнямын “Мянган охидын цуугиан” номын тэмдэглэл
Л. Дашнямын “Мянган охидын цуугиан” номыг нэгэн удаа уншихдаа бичих зүйл үгүй хоцров. Юуны учир ийм хоосон ахуйд нэвтрэв хэмээвээс, магад Оргил суманд урьд лам явсан гэх мөртөө хүрээ хийдэд шавилж байсан нь тодорхой бус, “Ном хаялцдаг” Гэгээн Дарьзав гуайн “Мянга сонсохоор нэг үз гэж, та үүнийг хар даа!” хэмээн тамхи татаж байсан гаансаа хий агаараас өлгөсөн үзэгдлээс үүдсэн байж болох...
Энэхүү туужийг уншиж дуусан арав гаран өдөр бодолхийлэв. Номын тэмдэглэл, сэтгэгдэл гэж юу бичихээ нэг л олж өгөлгүй нэлээн л мунгинав. Юун учир номын өмнөтгөлийг бичсэн эрхэм өөрөө өөрөөсөө асуух ийн олон асуулттай үлдсэн учрыг одоо л гадарлаж байх шиг...
Үнэнийг хэлэхэд, эгэл уншигч би бээр далд ухамсар /парапсихологи/, эзотерик ухааны чиглэлийг гүнзгийрүүлэн судалж, уншиж, ухан ойлгоогүй ч, машид шимтэн сонирхдог билээ. Ялангуяа зөн совинт хүмүүн төрөлтний хувь заяаны эргүүлгийг их л сониучирхан уншдаг юм. Далд ертөнцөөс 6 дахь мэдрэхүй, билгийн мэлмий гэх энэхүү том бэлгийг авсан зөнч хүмүүн, үүнийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй олон хүн нэртэнд солиот болж харагдах эгэглгүй эдгээр хүн ер бусын тавиланд хөтлөгддөг хэмээн би итгэдэг.
Учир нь орчлонт ертөнц өгснийхөө хэрээр авдаг, өглөгч мөртөө харамч юм билээ. Юун хэмээвээс, нэгдүгээрт, зөнч совинч, тэнгэртэй ямар нэгэн байдлаар холбогдон эрч энергиэ авдаг, өвөг дээдэс элэнц хуланцын зараалаар энэ хорвоод заларсан монголын туульчид, заарин удгад харалган, эс бөгөөс насаар ганц бие явах үйлтэй төрсөн байдаг нь нэн хачирхалтай. Үүнийг Монголынхоо ардын аман зохиолоос, домог түүхээсээ харж болно. Жишээлбэл, нисдэг долоон бөөгийн нэг Баглаан удган, Г.Аюурзанын “Бөөгийн домог” романд гардаг Хагдай бөө гэхчлэн... үр хүүхэдтэй байлаа ч үр үндэс нь тасрах, үр үндэсгүй байлаа ч хань ижил нь нартын оронд лав үгүй ийм нэг хачирхалтай төлөөс бий. Хоёрдугаарт, үлгэр дуу хуур үүссэн домогт “Сохор Тарваа үүнээс хойш удтал улс зон бүхний үлгэр мэрэг төлгийг андахгүй болжээ. Сохор мөртөө хожмын юмыг урьдаас мэддэг байв” гэж гардаг. Б.Галаарид гуай Зөнч Ванга сохор болсон учраас л далд ертөнцтэй харилцаж, ирээдүй болон өнгөрснийг зөгнөн хэлдэг болсон байна гэж бичсэн нь ч бий. Герегийн 2 их туульсыг зохиогч Хомер мөн харалган байсан л гэнэ. Харин энэ зохиолын маань гол баатар Маралхоогийн хувь заяа энд бичсэний эхний тавилангаар зурагдаж, насан эцэслэтлээ ганц бие байх зам заагджээ.
Бидний мэдэхгүй далд, тэр орчлонт ертөнцийн хууль гэгч чухам өглөг, авлага, үйлийн үр гээчид зангилагдан оршин буй ч юм уу даа. Маралхоогийн насны ганц хайр Цолмон багш, түүний нууцлаг тэмдэглэлийн дэвтэр, гэгээн мөрөөдөл, тунгалаг сэтгэл... Хагдай бөөгийн сэтгэцийн эмнэлэгт байхдаа хайрласан эмзэг, ариухан бүсгүй... Тэд тэнгэрт оюун ухаант сүнсэн биеэрээ уулздагтай адил Маралхоо ч Цолмон багштайгаа цаашид зүүдэндээ уулзаж байна хэмээн ойлгож, оюун ухаант сүнсэн биеэрээ харилцана биз ээ.
Оюутан өгүүлэгчийн бичсэнээр гэгээн харамсал төрөн, сэтгэл дотроо шүүрс алдсанаа нуух юун...
Хүндэтгэсэн М.Билгүүнчимэг
Comments
Post a Comment