Т.Мандирын “Саран зэв” туужийн тэмдэглэл

     Т.Мандирын “Саран зэв” туужид гарч буй үйл явдал ердөө ганц саран зэвээр л зангилагджээ. Гэвч тэр саран зэвийн утга учир их. Зохиолын төгсгөлд л утга учир нь тайлагдана. Амь эрсэдсэн заншлаачаа хүндэтгэн, уг зэвийг дахин хэрэглэе хэмээн Сүбээдэй баатрын Бардай сэцэнд заншлаач болгон гардуулсан эрхэм эд, Удуйд мэргидийн эзэн Тогтуга бэхийн хөвүүд Худу, Чулуун, Гал, Чибуг ах дүү нарын аюулыг зайлуулах зорилготой байсан бөгөөд, Галын амийг хороож, мэргид түмнийг Их Монгол улсад дагаар оруулсан ихээхэн том үйл явдлын гэрч болсон саран зэв билээ л. Зохиолчийн үг сонголт их мэргэн байх агаад зохиолын тайллууд содон сонин, дүр болгон нь өөрийн гэсэн үүрэгтэйн дээр баатар жанждын суу ухааныг нэгэн тулалдаанаар л цогц харуулж чаджээ. 
Дүр бүрийг тод томруунаар, онцлог шинжийг нь ч гарган дүрсэлж чадсан нь зохиолч абугайн ур чадварыг харуулж чадаж буй юм. Үүнийг өгүүлэн өгүүлбэл,
     
     Тавин нас шүргэж яваа сирийн удамт дайчин эр Насирбек, Сүбэдэй жанжны цэмбэн асрыг ажихад, өөд өөдөөсөө харан суусан хоёр хүний сүүдэр тодрон үзэгдэж, хоймор суусан нэг нь ямар нэгэн зүйлийг нөгөөдөө сарвайхад тэр эдлэл дэнгийн гэрэлд огцом таширлаж, нэн тод мөртлөө даанч хурдан үзэгдээд өнгөрөв. “Саран зэв юм уу даа” гэж Насир бодтол... хэмээн зохиолын нэгэн зангилаа эхэлдэг. Сүбээдэй баатраас өөр догшин сэжүүч эзэн байсан бол түүний сониуч буурал толгойг мөрнөөс нь салгачихад ер гомдохооргүй нууц зүйлийг санамсаргүй тандчихсанаа мэдэж, хойшид монгол цэрэгтэй нэг бус удаа аялах нь гарцаагүй тул өөртөө хамаагүй зүйлд нүд, чих уралдуулахгүй байхыг цээжиндээ сайтар хатангардуулж буй энэ харь хүмүүнээр дамжуулан уншигч түмэндээ ч ихийг ойлгуулж буй аж.
     
     Абжай бол махчин удганы үс шиг ширэлдэж самуурсан газарт Мэргидийн нүд, чих болж байдаг итгэлтэй дайчин бүсгүй. Найманы Хүчүлүг ханы сул хатан тэрбээр эзэн эрээ өөртөө татах нэлээд хүнд замыг сонгосон юм гэлцдэг. Түй, Байдраг, Онгийн гол, Наху гүнээс Балхаш нуур, Хэц элс хүртэлх мянга мянган бээр зам, арав гаруй жилийн босоо суугаа амьдралд Абжай тохилог өргөөгөө бүр огоорч, алдарт Хөгсүү Сабраг, Хорисубэчи нарыг орлох гэсэн мэт хөө хуяг, доо жадтай нөхөрлөн, задгай галын дэргэд бүхлээр нойрсон, үүрийн жавар дундуур хүнд бамбайны ирмэгт энгэсэг хацраа хөлдөөж явсан юм гэдэг... Нулимс тоссон мэнгэ ээ!  Зөв хэлбэртэй нимгэн царай, тэгш шулуун хамар, тод хүмүүнтэй зузаавтар уруул, хацар дээрх тод хар мэнгэ нь бүсгүйн царайг урьхан болгож, гагцхүү хөмсөгний хоорондох огцом атираа л энэ бүх даруухан булбарай нүүрний цаана хатуужил төгс, овтой дайчин байгааг яахын аргагүй санагдуулна.  Бүсгүйн хувь заяанд Сүбэдэй баатар, Бардай сэцнээс гадна зохиолч өөрөө ихэд харамссан нь “Бүргэдэд тасын амьдрал хэрэггүй, Хуланг адууны жүчээгээр баярлуулахгүй нь мэдээж” гэсэн үгээр илэрчээ.

     Урианханы өмөгт багтсан тугч цэрэг, дөрвөд овгийн Шамдгай өөртөө өчүүхэн ч сэтгэл зовсонгүй, ягирах яс, асгарах цус төдий юм хэмээн бодож, үнэнчнн дахин дахин баталж буй залуу тугч билээ. “Бардай сэцэн миний анх санасан шиг хөнгөн, ойворгон эр биш мэт санагдлаа. Та хилсдүүлж байна” хэмээн Сүбээдэй жанжиндаа хэлж чадах зүрхтэй; Онходын Чигчидэй зүлгэн дээр завилан суугаад зүрхээ зогсоон үзүүлэн үзүүлтэл улаан нөмрөгт элчээ амь эрсэдсэн хэмээн ихэд гундуу явсан нь; сүүлд “Бардай сэцэн ахмад нөхрийнхөө сэтгэлийг үймүүлэх нь илүүц мэт, гэтэл санааны мухрыг нээхгүй бол хэдий дотно ч завсартай үлддэгийг бодоод Шамдгай зориглон Итгэл гэснээс Худу танд аргагүй итгэсэн шүү.” гэж ам нээж чадаж буй байдал ч тэр Шамдгайг итгэж болох үнэнч нөхөр гэдгийг ахин дахин баталж байна. “Чиний зүүн гарт үхлийн бугуйл, баруун гарт гал цацарсан илд байдаг юм байна” хэмээн илбэч эмийн дүрд хувиран хэлсэн Абжай Шамдгайн үхлийн бугуйлд өөрөө орчихно ч гэж хэн санах билээ. Усан үзмийн наймаачин өвгөний буурал хөмсгөн дорхи нүд эзтэй хурц цолгиун дүрэлзэхийг ажиглан гайхаж, “Арван наймт шиг өвгөн” гэж тугч эр бодож амжсан нь ч Шамдгайн ажигч байдлыг харуулж буй боловч, олон жилийн дайн тулаанд туршлагажсан баатар жанждаа гүйцэх төө дутууг эл өгүүлэмжээр дүрслэн харуулж байна. 

     Зохиолч уг тууждаа дараах гүн утгат үгсийг хэрэглэсэн нь зохиолыг илүү хурц, эрмэг болгосон байж ч болох... Үүлс хуралдаж аадар зөгнөвч түүнийг хөөх салхи хэзээд байдаг; Амьдрал гэдэг маань уртаашаа цаг хугацаагаар, өргөөшөө бол зүтгэл, тэмцэл, төлөөсөөр хэмжигддэг юм шүү. Цаг хугацаа заавал өр төлөөсийг шаардана. Өр төлөөс буюу зүтгэл тэмцэл багасах тусам амьдрал төдий чинээ үнэ хүндгүй болж, зөвхөн цаг хугацаагаар л хэмжигдэх өчүүхэн ойлголт болдог юм даа; зүүн дээр суусан шиг тогтож ядан цаг нөгцөөж байтал гэх мэт...

     Сүүлд хэдхэн үг хэлхэх ажааму. Тэр бол Зохиолч Тангадын Мандирын номын зураг билээ л. Номын зургийн гол утга Абжай хэмээх нулимс тоссон мэнгэт, дайчин бүсгүйн хувь заяанд харууссан харууслын зураг биз ээ...

                    Хүндэтгэсэн М.Билгүүнчимэг

Comments