СЭЦЭН САРТУУЛЫН ХОШУУ ҮҮССЭН ДОМОГ

СЭЦЭН САРТУУЛЫН ХОШУУ ҮҮССЭН ДОМОГ
Ам дамжсан домог хуучид өгүүлснээр, Манжийн амбан хошуудад газар нутаг хуваахаар Халхын ноёдыг дууджээ. Эхнээсээ газар нутгаа авахаар хамгийн том уул хайрхан, гол мөрөнг нэрлэхэд тэдний хэлсний тэн хагасыг өгч байж. Сэцэн ноёны ээлж болоход тэрээр "Би бусад ноёдын адилаар том уул, овоо, хайрхан авч зүрхлэхгүй ээ. Би харин хамгийн жижиг гурван толгойн дундах өчүүхэн нутгийг авъя" гэхэд манж амбан дуртай зөвшөөрч гэнэ. Энэ гурван толгойн нэр нь Цэцэн хайрхан уул /Одоогийн Цэцэн уул сумын нутагт орших уул/, Сар хайрхан уул /Одоогийн Дөрвөлжин сумын нутагт орших уул/ Туул толгой /Сонгино сумын нутагт/ зэрэг юм. 
Ийн Сэцэн ноёны мэргэн ухаанаар гурван жижиг толгодын дундах асар их өргөн уудам газар нутагтай болж толгодын нэрээр Цэцэн Сартуулын хошуу хэмээн нэрлэсэн гэдэг. Энэ чандманилан тогтсон гурван толгойн дундах газар нутгийн хэлбэр нь дэлгэж тавьсан цоройтой өвчүү шиг юм гэнэ лээ. Тийм учир Сартуулчууд бидний буян хишиг дэлгэрдэг юм хэмээн хуучилдаг. 
/Эх сурвалж: Монсудар - Монгол утга соёл 3/
М.Б

Comments